Бор-Өндөр сум ажил, аялал

Бор-Өндөр сум ажил, аялал

Монгол улсын хэмжээнд 2254 компани 3864 тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Үүнээс 287 тусгай зөвшөөрөл нь Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт байдаг ба тэдгээрийг 223 компани эзэмшиж байна. Бидний ажилласан Бор-Өндөр сумын хувьд 32 компанийн мэдэлд 51 тусгай зөвшөөрөл бий. 

Гэхдээ нэг онцлогийг энд заавал дурдах хэрэгтэй. Хэнтий аймгийн Дархан сумын 5-р багт 2000-2012 он хүртэл харьяалагдаж байсан Бор-Өндөр нь 2012 оноос одоогийн нэршлээрээ уул уурхай түшиглэсэн сумын статустайгаар хөгжих болжээ. Тиймээс дээр дурдсан тусгай зөвшөөрөл хийгээд уул уурхайн компаниудын тоон үзүүлэлт нь Бор-Өндөр ба Дархан сумыг хамтад нь хамарч буй юм.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга хэмээх түншлэл нь Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн цагаасаа ил тод, нээлттэй байх зарчмыг хангаж ирсэн байдаг. Тухайн бүс нутаг дахь тусгай зөвшөөрөл, гэрээ, уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба борлуулалт, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар төлбөр хураамж, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, дэмжлэг, байгаль хамгаалахад зарцуулсан мөнгөн дүн зэргийг ОҮИТБС-ын хүрээнд компаниуд Засгийн газарт тайлагнадаг. Эдгээрийг нэгтгэсэн бүхэл бүтэн Мэдээллийн сан бий болгожээ. Харин иргэд тэрхүү мэдээллээс өөрсөддөө хэрэгтэйг олж чаддаг уу, ажил амьдралдаа ашиглаж хэрэглэдэг үү? Үүнийг мэдээлэх, ойлгуулах зорилгоор Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажиллаад ирлээ. 

Өмнө нь Сэлэнгэ аймгийн Ерөө сум, төв аймгийн Заамар суманд дээрх чиглэлээр ажилласан тул Бор-Өндөрийн давуу тал юу байна гэдэгт анхаарал төвлөрч байв. Удирдлагуудтай нь уулзаж суухад тэд уул уурхайн компаниудтай байгуулсан гэрээний мэдээллээ иргэддээ нээлттэй байлгаж, сумын ЗДТГ-ын фэйсбүүк хуудсандаа байршуулдаг нь онцлог санагдлаа. Бидний зохион байгуулсан өдөрлөгийн үеэр 80 гаруй хүн ирсэн ба нэгэн иргэн Бор-Өндөрт харъяалагдах 16 компани бий гэж дурдаж байсан. Гэхдээ 2012 оноос хойшхи статусаар нь авч үзвэл тус сумын нутаг дэвсгэрт 9 компани л олборлох үйлдвэрлэл явуулдаг байна. Тэдгээрээс Бор Өндөр уулын баяжуулах үйлдвэр, Арвинхүдэр ХХК, Жинтайхэ ХХК, Сентурия Монгу ХХК гэсэн дөрвөн байгууллага сумтай “Хамтын ажиллагаа, хариуцлагын гэрээ” албан ёсоор байгуулжээ.

... За албаны сониноос түр хазайж анзаарал, сэтгэгдлээ хуваалцая. Орон сууцны хороолол, байшин барилгуудын бүтэц зохион байгуулалт зэргээс цагтаа Дархан, Эрдэнэтийн дайтай бүтээн байгуулалт өрнөж байсан нь харагдана. Нэг тийм “Орос үнэр”-тэй. Тал нутгийн Монгол заншил зоогт нь хадгалагдаж дээ гэмээр мах голлосон орц ихтэй хоол элбэг. Буудал нь тав тухтай бас интернэттэй. Бор-Өндөр ба Улаанбаатар хот хооронд тогтмол явдаг 30 гаруй такситай. Тэгсэн хэрнээ авто вокзалгүй. 

Сумын суурин хүн амын тоо 10 мянга гаруй. Албан ёсны вэбсайтгүй, орон нутгийн сонин ч бас байхгүй. Бор-Өндөр телевиз нь тогтмол бус үйл ажиллагаатай. Иргэдийн мэдээлэл авдаг гол эх сурвалж нь сумын ЗДТГ-ын фэйсбүүк групп гэнэ. Албан бус мэдээлүүд ихэвчлэн Бор-Өндөр фэйсбүүк групп болон ам дамжсан байдлаар хот хоорондын таксинд өрнөж, тархдаг хэмээн нэгэн иргэн хэлж байв. Малчин өрх ердөө 128 ба малын тоо 77 мянга гаруй аж. Монголын ихэнх сумдад нийтийн бүжиг гэх мэт соёлын арга хэмжээ ховорхон болдог ба тэр нь хүмүүс цуглаж хөгжих нэг боломж байдаг бол Бор-Өндөрт тиймгүй аж. Баасан гараг бүрт бүжиг болдог, залуус нь бүгдээрээ шахуу урлагийн авъяастай хөгжүүн юм. 

Дахиж очихоороо Бор-Өндөрийг илүү сайн тольдомз ;-)

Хэнтий аймаг, Бор-Өндөр сум

2017.09.11-13

Фото цомгийг ЭНДЭЭС

Чтобы просмотреть или добавить комментарий, выполните вход