Төв аймгийн Бор-Өндөр сумын удамт хурдан хүлгүүд, эрдэмт мэргэн уяачид

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 06 -нд

Бор-Өндөр /одоогийн Алтанбулаг/ сум Бүм, Адьяа, Жүрмэд заан, Гомбосүрэн, Доёд, Дугар, Лувсанжамц нарын зэрэг олон сайхан уяачидтай юм. Дугарын хул /улсын наадамд гурав айрагдсан/, Лувсанжамцын бор /улсын наадамд дөрөв айрагдсан/ гэдэг ах дүү хоёр морь энэ сумынх юм. ХХ зуун дуустал улсын их наадамд Бор-Өндөрөөс 10 морь түрүүлж, 41 морь айрагджээ. Дээр дурдсан уяачдаас хэдэн хүнийг тодорхой авч ярья.
Лувсанцэрэнгийн Бүм: Бор-Өндөрийн Гишүүт хээр гэдэг нэрт хурдан азарга энэ хүнийх юм. Уул нь Адаацагийн мэргэн Дагвын хээр гэдэг азарга байсан бөгөөд бүдүүн болсон хойноо энэ хүнд ирж Ардын хувьсгалын 21 жилийн ойгоор түрүүлж, Төв аймгийн наадамд хоёр түрүүлж, тав айрагджээ.
1956 онд Ардын хувьсгалын 35 жилийн ойгоор 600 гаруй соёолон уралдсанаас Бүмийн борлог морь хоёр саахалт хол түрүүлсэн юм. Мөн Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Бүмийн зээрд морь аман хүзүүдэж, хөр саарал үрээ нь айрагдаж байжээ. Тэр наадамд хамгийн сайн наадсан гурван хүний тоонд Хэнтийн Дамбадаржаа, Төв аймгийн Баянцагаан сумын Баяр, Бор-Өндөр сумын Бүм нар орж байжээ.
Дууч Адъяа: 1925 оны нар, ногоо тэгш зуны дэлгэр сайхан цаг болж, Ардын хувьсгалын 4 жилийн ойн их баяр наадамд олон хүн морь уяхад 21 настай залуу эр Адъяа Товлой нэртэй хээр шүдлэнгээ уяжээ. Тар, сунгаанд хээр үрээ нь хэд хэд өнгөлж залуу эзнийхээ урам зоригийг бадруулж байлаа. Улсын их наадамд шүдлэн уралдахаар гарч, уяач Адъяа олон нөхдийн хамт хээр үрээнийхээ тоосыг үзэхээр их л догдлон хүлээжээ. Гэтэл  санаанд оромгүй юм болж хээр үрээ нь Халхын тэр олон хурдантай давхижээ.
Энэ хүн анх Балжир гавжийнх гэдэг айлаас зөв урд хөл нь бэлбэсэн зээрд үрээ, бас хэдэн гүү авч адуужсан бөгөөд тэд нь Орлойн адуу байсан байна. Тэдний дотор нэгэн уургын халтар гүү байснаас дөрвөн хурдан халтар хээр адуу гарчээ. Эднээс хамгийн хурдан нь Бага халтар азарга нь бөгөөд энэ азарга Өвөрдулаанд хийсэн Төв аймгийн наадамд түрүүлж, улсын 23 жилийн ойгоор айрагджээ. Товлой гэдэг хээр морь нь аймгийн наадамд нэг түрүүлж, нэг айрагдаж, сумын наадамд хэд хэдэн айраг, түрүү авсан юм. Энэ бол миний хөлийг анх дөрөөнд хүргэсэн хүлэг морин эрдэнэ билээ. Эднийд Шарын бор, Хэнз бор гэдэг азарганууд байсан. Шарын бор нь улсын наадамд нэг айрагдаж, арав дотор олон давхисан. Хэнз бор нь даагандаа Бор-Өндөр, Баянбараат сумдад түрүүлж байсан. Хар азарга нь сумандаа нэг түрүүлж, хул үрээ нь аймгийн наадамд нэг түрүүлж, зээрд соёолон нь Бараатад очоод улсын наадамд түрүүлсэн Пунцагбалжирын саарлыг дийлж түрүүлж, борлог үрээ нь /Бүмийн борлогийн төрсөн ах/ Өндөрширээтэд айрагдаж, буурал үрээ нь Алтанбулагт түрүүлж, халтар даага нь Өнжүүлд аман хүзүүдэж байлаа. Мөн 1965 онд хээр даага нь улсын наадамд аман хүзүүдэж, 1976 онд зээрд хязаалан нь улсын наадамд айрагджээ.
Энэ уяач орон нутагтаа нэртэй дууч хүн учир “Дууч Адъяа” гэж алдаршжээ.
А.Баярмагнай

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна